Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа болон холбогдох төлөөлөл Дэлхийн Банкны Ядуурал, тэгш байдал хариуцсан төслийн менежер Бену Бидани мөн Дэлхийн Банкны эдийн засагч Лидиа Ким нартай уулзав.
Уулзалтын үеэр ҮСХ-ны дарга Б.Батдаваа "Монгол Улс 1991 онд Дэлхийн банкны гишүүнээр элссэн цагаас эхлэн олон чиглэлд хамтран ажиллаж байна. Тухайлбал өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшин, ядуурлын тооцоо болон статистикийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн" хэмээн онцолсон юм. Түүнчлэн Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй төслөөс гадна "Төрийн мэдээллийн нэгдсэн сангийн хөгжүүлэлт, удирдлага" төсөл мөн статистикийн мэдээллийн чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцууллаа.
Дэлхийн Банкны Ядуурал, тэгш байдал хариуцсан төслийн менежер Бену Бидани хоёр байгууллагын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ҮСХ-ны өгөгдөл, мэдээллийн санг холбох, уялдуулах чиглэлд хэрэгжүүлж буй ажлуудыг сайшаасан юм.
Уулзалтын төгсгөлд талууд статистикийн байгууллагын ажиллагчдын дүн шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлэх хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

