НҮБ-ын Статистикийн комиссын 57 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 3-6-ны өдрүүдэд "Better data better lives" уриан дор зохион байгуулагдаж байна.
Чуулганы үеэр "Олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөр"-ийн удирдах зөвлөлийн хурал боллоо.
Хурлаар тус хөтөлбөрийн удирдах зөвлөлийн 11 гишүүнийг шинээр сонгосны дотор Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа гишүүнээр сонгогдлоо. Энэ удаагийн хурлаар олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн 2024 оны судалгааны явцын талаар танилцуулж, Удирдах зөвлөлийн 2026 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.
"Олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөр" нь 1968 онд эхэлсэн бөгөөд улс орнуудын эдийн засаг, амьжиргаа, үнийн түвшнийг харьцуулах зорилготой худалдан авах чадварын паритетийг хэмжих дэлхийн хамгийн өргөн хэмжээний санаачилга юм. Тус хөтөлбөрийн Удирдах зөвлөл нь худалдан авах чадварын паритетийг тооцох гарын авлага, аргачлал батлах, шинэчлэх, уялдуулах ажлыг олон улс болон бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд анхаарч ажилладаг.
Өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөрийн хэрэгжилтийг олон улсын түвшинд Дэлхийн банк хариуцдаг бол бүсийн хэмжээнд Азийн Хөгжлийн Банк, Африкийн Хөгжлийн Банк, Европын Статистикийн газар, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага зэрэг байгууллага хариуцдаг байна.

